2019 оны 3 сарын 9-10-нд БНСУ-ын Чежү хотод зохион байгуулагдсан 18 дахь удаагийн Чэжү Олон улсын ултра марафон гүйлтийн тэмцээнд 19 орны 600 гаруй тамирчин гараанаас гарлаа. Монгол улсаас 4 тамирчин, 1 дасгалжуулагч амжилттай оролцлоо . Өдөртөө хүчтэй салхи, хүйтэн бороотой байсан ч 100км-ийн зайд уралдсан ОУХМ, Зэвсэгт хүчний 017 ангийн ахлагч, Холбооны шигшээ багийн тамирчин С.Батцэнгэл 8:07.27 цагийн амжилтаар түрүүлж алтан медаль хүртлээ. Мөн ОУХМ, Холбооны мастеруудын шигшээ багийн тамирчин Л.Гандолгор 12:22:26 цагийн амжилтаар 2-р байранд орж, мөнгөн медаль хүртлээ.
ОУХМ, Д.Ариунжаргал 200км-т уралдсан ч бэртлийн улмаас замаа дуусгалгүй тэмцээнээ өндөрлөв. Мөн залуу тамирчин Спортын мастер Н.Гэрэлт-Одын хувьд туршлага хуримтлуулсан ач холбогдолтой тэмцээн боллоо.
Ийнхүү 2014, 2015, 2018 онуудад Б.Доржпалам, Д.Бадамхатан, З.Нина /ОУХМ/ нарын түрүүлж байсан түүхэн амжилтыг хадгаллаа.